Метан хийн эрлийн ажлын тайлан

“Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр, уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

“Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8-н цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Таван толгой” ХХК-д хүлээлгэн өгчээ. Энэ нь Таван толгойн бүлэг ордын нүүрс хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ч хэмнэлттэй, хөрөнгө мөнгө хэмнэх чухал ач холбогдолтой юм байна. “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Бид Тавантолгойн бүлэг ордын метан хийн хайгуул хийж эхлэх гэж байна. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дараагийн шатны ажил болох бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажлаа эхлүүлсэн. Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэснээр манай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж буй анхны төрийн өмчийн компани болно” гэв.

“Эрдэнэс Метан” ХХК нь 2019 онд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэж, нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий 8-н цооног өрөмдөж, эрлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Эрлийн ажлын үр дүнгийн тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газрын Техникийн зөвлөлөөр дүгнүүлсэн бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, хайгуулын ажлыг эхлүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy